ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН АНУ ДАХЬ 24 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ХУРААХ УУ?

Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-аас мөрдөн шалгаж байгаа тухай мэдээлэл эртнээс дуулдсан. Гэвч хэргийн явц аль шатандаа яваа тухай мэдээлэл олон нийтэд хараахан үгүй байсан билээ. Тэгвэл өчигдөр түүнийг баривчилж, 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа нь хэрэг шийдэгдэхэд тун дөхсөн гэх найдвар төрүүлж байна.

АТГ-аас С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбогдуулан шалгаж байгаа нь тодорхой болсон. Хэрвээ түүнийг буруутай гэж үзсэн тохиолдолд С.Баярын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдлыг нэг бүрчлэн шалгаж нягтлах шаардлагатай болох нь дамжиггүй юм. УИХ-ын гишүүн асан Г.Уянга түүний АНУ дахь үл хөдлөх хөрөнгүүдийн талаар баримтуудыг дэлгэж байсан үеэс тус хөрөнгүүдийг С.Баяр ямар арга замаар бий болгосон тухай хардлага, сэжиг таамаг өрнөж эхэлсэн байдаг. 

Г.Уянгын дэлгэсэн баримтаар бол С.Баяр АНУ-д 24 тэрбумын 7 байшин эзэмшдэг болох нь тодорхой болсон. С.Баяр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гадны банкинд байршуулж, улмаар АНУ-д компани байгуулан бүртгүүлж, уг компанийнхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байж болзошгүй тухай ноцтой баримт тэнд дурдагдсан байдаг.

Харин С.Баяр “Хэдий би улс төрд олон жил болж байгаа ч доромжлол, гүтгэлэгт дасна гэж байхгүй л дээ. Дурын амьтанд гүтгүүлээд сууж байх сонирхол надад алга. ” гэж мэдэгдэж байсан. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа “Оюу Толгой”-н гэрээ байгуулахдаа авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх мэдээлэлд хариу тайлбар хийхдээ "Намайг 2015 оны тавдугаар сард  АТГ-аас шалгаж,  хууль зөрчөөгүй" гэдэг тогтоол гаргасан. Тус тогтоолд “Хууль зөрчсөн, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан үйлдэл тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлгүй байна” гэж байгаа" хэмээн онцолж байсан.

Үүнээс гадна АНУ дахь долоон тансаг хаусынхаа тухайд ч тайлбар хийсэн. Түүний хэлснээр бол, С.Баярын төрсөн охин тус улсад үл хөдлөхийн бизнес эрхэлж, 2003 оноос хойш арав гаруй хаус худалдан авч, зарж, борлуулан эргэлтэнд оруулсан аж. Одоо ч тэр бизнесээ эрхэлдэг юм байна.

Гэвч "АТГ-аас шалгаад, намайг буруугүй гэж тогтоосон" гэх тайлбар нь худал болж таарав. АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн шалгаж, түүгээр ч зогсохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгах шаардлагатай гэдгийг эхний ээлжинд шийдэж буй нь С.Баяр ямар нэгэн байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбоотой, гэм буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа баримт юм.

Тиймээс хэрвээ С.Баярын буруутай нь нотлогдвол түүний хөрөнгийг улсын орлого болгох уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Учир нь Монголд албан тушаалын хэрэгт ял шийтгэл хүлээсэн хүмүүсийн хөрөнгийг хурааж байсан тохиолдол байхгүй. Харин бусад улсад тухайн гэмт хэргээр үүссэн аливаа хөрөнгө, давуу эрх, боломжийг буруутай этгээдээр бүрэн нөхөн төлүүлсний дараа ял шийтгэл төлөвлөдөг тогтолцоо үйлчилдэг билээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
С.Төгөлдөр

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.