Ерөнхий сайд аа, гадаад харилцааг зээл авах шугам болгон хувиргахаа зогсоогооч

Өр 1.

Өнгөрсөн сарын 28-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдсаны эцэст Монгол Улсад 30.55 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр шийдвэрлэв. 

Ингээд дөрөвдүгээр сарын 3-нд Монголбанкны дансанд 30.55 сая ам.доллар шилжин орж ирснээр манай улсан гадаад валютын нөөц 152.8 сая ам.долларт хүрсэн юм. Хамгийн гол нь ОУВС-гаас энэ онд манайд 836 сая ам.долларын санхүүжилт өгөхөө тохиролцсон билээ.

Өр 2.

Засгийн газар, Энэтхэг Улсаас нэг тэрбум ам.долларын зээл авсан билээ. Нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм. Уг хөрөнгөөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан ширээтэд газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар болсон билээ. Санхүүжилтийг үйлдвэрийн ажил эхлэхээр зориулалт зориулалтаар нь ЭКСИМ банкнаас шилжүүлэхээр хоёр улс тохиролцсон. Харин зээлийн хүү 2017 оны долдугаар сараас эхлэн 1.75 хувиар бодогдоод эхэлчихсэн. Харин зээлийн мөнгө энэ онд манай руу орж ирнэ.

Өр 3.

2018 оны гуравдугаар сарын 12-нд Монгол Улс Туркээс 350 сая ам.долларын зээл авахаар тохиролцлоо. 350 сая ам.долларыг EXIM банкаар дамуулан олгоно. Энэ зээлийг хоёр нөхцлөөр олгоно. Эхний ээлжинд Орхоны хөндийд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор онгоцны буудал барих ажил бий. Үүнд 120 сая ам.долларыг зарцуулна. Хоёрт Туркийг Монголын компаниудыг санхүүжүүлэх төлөвтэй байгаа. Хөдөө аж ахуй, барилгын салбар болон мах боловсруулах үйлдвэрт зарцуулна.

Өр 4.

Өнгөрсөн оны сүүлчээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд дэмжлэг хэлбэрээр авахаар болсон. Энэ зээл тун удахгүй манай данс руу орно.  Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Өр 5.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр орой хүрэлцэн ирээд байна. Тэрбээр энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх гадаад, дотоодод хийх айлчлалаа эхлүүлээд байгаа юм. Ерөнхий сайдын Хятад дахь айлчлалын гол зорилгоос дурдвал тэрбээр 500 сая орчим доллартай тэнцэх хөрөнгө оруулалт бүхий хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Зээлийн мөнгө хаашаа урсаад байна вэ

Энэ бол 2018 он гарсаар Монгол Улсын Засгийн газар гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас авсан, авах гэж байгаа зээлүүд юм. Гэхдээ энд зөвхөн мега зээлүүдийг дурдсан болно. Ингээд бодоод үзэхэд, Монгол Улс 2018 оны нэгдүгээр улиралд нийт хоёр тэрбум ам.долларын зээл “бүтээчихсэн” байх юм.

Гэтэл хэдхэн өдрийн өмнө манай нийт гадаад өр 27.4 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ийг хоёр нугалах хэмжээ. СОС дохиогоор бодвол энэ нь аль хэдийнэ улс орон дампуурлын шатанд орчихсон гэх үзүүлэлт болно. Хамгийн гол нь, энэ их зээл анх авахдаа дурдсан зориулалтаараа ашиглагдаж байвал нэг хэрэг. Гэвч 2010 оноос хойш гарын арван хуруунаас давсан олон тоогоор цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах нэрээр гадаадаас зээл татсан. Харин цэвэрлэх байгууламж бахь байдгаараа.

Тэгвэл үе үеийн дарга нараас энэ их мөнгийг чухам юунд зарцуулаад байгааг нь нэг бүрчлэн асуух цаг нэгэнт болжээ. Бүр сүүлдээ төр засгийнхан гадаад хүн харангуут зээл гуйдаг “дон”-той болох нь. Гадаад зээлээр төсвийн цоорхой нөхнө гэх зэрэг шалтгаан тоочиж буй нь ч бүр хачирхмаар. Түүнчлэн одоогийн байдлаар Монголд төдийлөн ач холбогдолгүй онгоцны буудлыг Орхоны хөндийд байгуулна гэдэг зориулалт ч үүн дотор харагдаж байна. Ерөнхий сайд аа, гадаад харилцааг өрийн суваг болгон ашиглахаа зогсоогооч ээ.

Erennews.mn

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.