У.Хүрэлсүх сайд Н.Цэрэнбат хэмээх хорхойтой шүдээ сугалчихвал ч...

“Шударга ёс тогтооно”, “эдийн засгийн хямралаас гаргана”, “ард түмнээ ядуурлаас аварна”, “хууль хууль бас дахин хууль” гээд дунд нь төөрөлдмөөр олон малгай өмсөн гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад даруй хагас жилийн нүүр үзэх нь. Иргэд олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэсэн сар хоногууд өнгөрч, хаврын урин сэвэлзэж буй энэ цаг дор У.Хүрэлсүхийн Засгийн газраас үр дүн нэхэж эхэллээ. Тэр бүү хэл Засгийн газрын өмсөн гарч ирсэн олон малгай дороос нэг ч үр дүн цухуйсангүй хэмээх нь элбэг болжээ. Үнэнийг хэлэхэд эдийн засаг нь уруудсан улс орон, ядуурлын түвшин доройтсон түмнийг тийм ч амар сэргээн босгохгүй. Урт хугацааны бодлого, тууштай ажиллагаанаас гадна сэтгэл санаа нэгэн зүгт байж чадах тийм баг хамт олон хэрэгтэй. Өнөөдрийн Засгийн газрыг харж байхад тууштай бодлого хөтөлбөр гаргаж, шат шатандаа хариуцлагын тогтолцоо бий болгохыг чармайж байгааг бид харж сууна.

Ерөнхий сайдын хувьд итгэж найдсан бүхнээ л танхимдаа багтаахыг зорьсон байж таарна. Нөгөө талаар улстөрийн тэнцвэр ч хадгалахыг хичээсэн биз ээ. Харин шинжээчдийн зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газар чамгүй хичээж ажиллаж байгаа ч танхимд нь зарим нэг үл бүтэх нөхөр байгаагаас хийж буй ажлыг нь бүдгэрүүлж байгааг дуулгасан юм. Түүний тэргүүн эгнээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гэдгийг онцлов. Унтдаг нэр зүүгээд авсан ч өмнөх сайд Д.Оюунхорол байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд чамгүй олон хууль журам санаачилж, энэ салбарыг хөгжихөд томоохон түлхэц болох хуулиудыг батлуулсан бол ноён Н.Цэрэнбат энэ чиглэлд юу ч хийгээгүйг онцолж байна. УИХ-ын гишүүн, салбарын сайд хүн зуух яндан тарааж, бэлэг сэлт бодож суух бус сайн хууль төрүүлэх учиртай.  

Гэтэл утааг бууруулах үндэсний хөтөлбөр хэлэлцэж байхад салбарын сайд Н.Цэрэнбат “Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй” хэмээн жинхэн бизнесмэн зангаа гаргав. Утааг багасгах зориулалтаар сүүлийн хэдэн жилд зуух тараагаад утаа нэмсэн үү гэхээс бууруулаагүйг тэр хамгийн сайн мэдэж байгаа ч утаагаар далимдуулан зуухны бизнес хийх гээд байна уу гэсэн хардлагыг нийгэмд бий болгосон. Бараг 20 жилийн өмнөөс утааны эсрэг ажиллагаа өрнүүлж, гэрийн туурга, дулаан алдагдуулахгүй үүдний амбаар, шахмал түлш гээд юу эсийг тараалаа даа. Гэтэл шинээр хөтөлбөр боловсруулан байгуулагдсан Засгийн газрынхаа эсрэг бодлого явуулж, “зуух тараана” гэж суугаа сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр урин цаг ирж утааны асуудал мартагдах тийшээ хандаж байна. Эргээд өвөл болж утааны цаг эхлэхэд ахиад л “зуух тараана” гээд зогсож байхад үгүй гэх газаргүй салбарын сайдтай учраас утаанаас салах тухай бодлоо орхисон дээр бололтой. Эс бол Н.Цэрэнбат гэх хорхойтой шүдээ сугалаад цааш явах эрх нь Засгийн газарт бий.

Ийн засгийн эсрэг байр суурь илэрхийлсэн учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд хандаж “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээсэн нь эхний анхааруулга байх. Үүнээс цааш “зуух тараана” гэсэнтэй агаар нэгэн байр сууриа илэрхийлвэл ёстой суглуулж таарна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан БСШУ-ны сайдаа сугалчихаж л байсан. У.Хүрэлсүхэд эн зэргийн эр зориг байж л таарна.

Одоо аялал жуулчлалын цаг эхэлж байна. Үүнд хандсан салбар яамны үйл ажиллагаа гэж лав олж харагдах зүйл алга. Тэгэхээр ирэх өвлийн утаанаас өмнө Н.Цэрэнбат суглуулж мэдэхээр байна. Уг нь Н.Цэрэнбатаас өөр сайд байсан бол аялал жуулчлалын салбарт тодорхой хөтөлбөр бодлого гаргаад түүнээс олсон мөнгийг утааны эсрэг ажиллагаанд оруулна гэсэн стратеги төлөвлөгөө бариад У.Хүрэлсүхийн танхим, цаашилбал, УИХ-д танилцуулаад дэмжлэг авчихсан гүйж явах ёстой сон. Дэлхийн сүүлчийн нүүдэлчид болох монголчууд биднийг сонирхох дэлхийн дахины урсгал манай улс руу нэгэнт чиглэсэн энэ цаг мөчид бид аялал жуулчлалаас асар том мөнгө босгож болохоор байна. Өнгөрсөн жил гэхэд аялал жуулчлалын салбараас чамгүй том мөнгө орж ирсэн тухай статистик мэдээлэл бий. Салбарын сайд маань аль эрт төлөвлөгөө зурчихсан, энэ салбарт мөнгө урсаж байх учиртай гэдгийг шинжээчид хэлж байна.

Энэ байдлаар ажиллах юм бол бид аялал жуулчлалын салбараас тэгтлээ их мөнгө горьдох хэрэггүй болж байна. Тодотгож хэлбэл, Н.Цэрэнбат энэ салбарыг толгойлж байгаа цагт үр дүн хүлээх хэрэггүй болов уу. Тиймээс У.Хүрэлсүх сайд зарим нэг хорхойтой шүдээ түүхгүй бол ажил чинь урагшаа явах нь юу л бол.

Х.Баатар

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.