Увсын иргэд ялтай Засаг даргаар удирдуулахыг хүсэхгүй байна”

Увс аймгийн иргэд аймгийнхаа Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардаж энэ сарын 07-нд Улаангом хотын төв дэх маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд тайван жагсаал, цуглаан хийхээр болжээ. “Увс аймгийн хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй энэхүү тайван жагсаал, цуглааны талаар Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд тэргүүтэй тус аймгийн зарим сум, багийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Увс аймаг сүүлийн нэг жил эзэнгүй мэт болж, аймгийн Засаг даргын мөрийн  хөтөлбөрт туссан ажлууд хэрэгжиж эхлээгүй, төрийн алба цөөн хэдэн хүний гар хөл бологсдоор дүүрч 60 тэрбумын жижигсгэсэн хувилбар хэрэгжиж байгаа гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд хурлын эхэнд онцоллоо.

Тэрээр цааш нь ярихдаа, Увс аймагт төрийн албаны сонгон шалгаруулалт дарга нарын эрх ашгийн дагуу явагддаг болсон бөгөөд тэд өөрсдийн хүнийг түр томилоод, сонгон шалгаруулалтыг нэр төдий явуулан өнөөх хүнээ жинхэлдэг байна. Мөн ажлаа шударгаар хийж байгаа төрийн албан хаагчдыг дарамтлах нь хэрээс хэтэрсэнгэдгийг ч хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэлж байлаа. Тухайлбал, элдэв баяр ёслол, наадам зохион байгуулахдаа  төрийн албан хаагчдаас хураамж татаас авдаг байдал Увс аймагт хэрээс хэтэрсэн гэнэ.

Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь ял шийтгэлтэй байхдаа энэ албан тушаалд томилогдсон юм байна. Энэ талаар нь өнгөрсөн онд түүнийг томилогдсоны дараахан АН-ынхан  олны сонорт хүргэж байсан ажээ. Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар ял шийтгэгдсэн юм байна. Тэрээр Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм байна. Тиймээс шүүхээс түүнд хоёр жил  төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байжээ. Энэ ял нь яван явсаар 10 сая төгрөгийн  торгууль болж дууссан гэнэ.

Тиймээс хэвлэлийн хуралд оролцсон иргэд “Увсынхан ялтай Засаг даргаар удирдуулахыг хүсэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Хуралд оролцсон иргэдийн нэг болох Улаангомын гуравдугаар багийн иргэн О.Булган их сургуулиа төгсөөд нутагтаа ажиллахаар очсон боловч аймгийн удирдлагууд ажлын байр байхгүй гэсэн шалтгаанаар олон удаа буцаажээ. Тиймээс тэрээр  өөрийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр шийдэж БНХАУ-д дөрвөн жил тэтгэлгээр суралцаж төгсөөд дахин Увстаа очсон боловч мөн л ажлын байр олдоогүй гэнэ. Ингээд хувиараа бизнес эрхэлж, чацаргана тариалсан юм байна. Энэ бизнесээ өргөжүүлэхээр зээл хүссэн ч мөн л олдоогүй байна.

Энэ талаараа О.Булган “Мэргэжил, боловсролтой залуус нутагтаа ажиллах боломж алга. Дарга нарын ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчид л төрийн албанд ажилладаг юм байна. Хязгаар нутагт залуус ажиллаж хөдөлмөрлөх, үйлдвэрлэл эрхлэн сайхан амьдрах боломж нөхцөлгүй учир тэд Улаанбаатар рүү шилжиж байна. Тиймээс би энэ байдлыг өөрчлөхийг хүсч тайван жагсаал, цуглаанд нэгдэж байгаа” гэлээ.

Энэ сарын 07-нд Увс аймгийн төвд болох тайван жагсаал, цуглаанд аймгийн төвийн иргэдээс гадна 16 сум, 150 багийн иргэдийн төлөөлөл оролцохоо мэдэгдээд байгааажээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.