
Халуун бүгчим цаг агаартай улс орнуудын хувьд ногоон байгууламж, сүүдрэвч хамгийн чухал. Үер, хар салхи, ой хээрийн түймэр зэрэг аюулд өртдөгөөс ч илүү олон хүн жил бүр хэт халалтын улмаас нас барж байна. Үндсэндээ дэлхийн дулаарал хүн төрөлхтөний оршин тогтнолд заналхийлээд эхэлсэн энэ цаг үед барилга байгууламжуудын загварыг гаргахдаа сүүдэр сайн тусдаг талаас нь бодолцох хэрэгтэй болжээ.
Дэлхийн аль ч хоттой эн зэрэгцэхээргүй шилдэг "сүүдэртэй дэд бүтэц"-тэй улс бол Сингапур. Эндхийн хүмүүс аадар бороо, халуун нарнаас зугтах өөрсдийн гэсэн аргатай.
Бусад улсаас ялгардаг нэг онцлог нь Сингапурын явган хүний замууд дээрээ ямар нэг байдлаар сүүдрэвч, дээвэртэй байдаг. Ийм сүүдрэвчтэй замыг хаана анх хийсэн нь тодорхойгүй. Хуучин дэлгүүр, байшингуудын урдуур тавьсан байдаг ийм замууд нь Италийн Болоньяд байдаг нуман хаалгатай танхимтай төстэй. Гэхдээ зүүн өмнөд Азиас гаралтай байж магадгүй гэж үздэг.
Тодруулбал, 19 дүгээр зууны эхээр Сингапурыг үүсгэн байгуулсан гэж үздэг Британийн колончлолын албан тушаалтан Стэмфорд Раффлес 1822 онд ийм хот төлөвлөлтийг анх хийжээ. Анх энэ санааг гаргахдаа цаг агаарын таагүй нөхцөлд ч нааш цааш зорчиход амрыг бодсон аж.
Тухайн үед баригдсан замуудыг 1960-аад онд Сингапурыг тусгаар тогтнолд хөтлөн оруулсан хүчирхэг ерөнхий сайд асан Ли Куан Югийн тушаалаар орчин үеийн болгож шинэчилжээ. Түүний санаачлагаар нийтийн орон сууцны барилгууд бараг бүгдээрээ доод давхартаа дээвэртэй тусгай орон зайтай болсон байна. Оршин суугчид энэ орон зайд агаар салхи амьсгалахаар цугладаг болсон бөгөөд сэтгүүлч Шериан Жорж энэ онцлогийг нь анзаарч хараад, Сингапурыг "агааржуулагчтай үндэстэн" гэж нэрлэжээ. Улмаар 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед Сингапурын орон сууц, тээврийн агентлагууд явган хүний зам дээгүүр төмөр халхавч барьж эхэлсэн байна.
Сингапурт өдгөө битүү буюу дээрээ дээвэртэй явган хүний зам 200 орчим км байдаг. Тус улсын хот төлөвлөгчид нийтийн эзэмшлийн талбайг сүүдэргүй бол хэн ч ашиглахгүй гэж үздэг.
АНУ-д барилга барихдаа явган хүний зам дээр нар сайн тусахыг бодолцож, замаас хол хойшоо барих дүрэмтэй байдаг. Харин Сингапурт эсрэгээрээ. Сингапурчууд барилга барихдаа байшингийн доогуур алхаж буй хүмүүст байнга сүүдэртэй байхыг нь бодолцож барих ёстой. Нарийн хэлбэл, барилгын компаниуд өглөөний 09:00 цагаас үдийн 16:00 цагийн хооронд гадна талбайнхаа 50-иас доошгүй хувийг хангалттай сүүдэртэй байна гэж тоооцох ёстой аж. Энэ нь халуун наранд алхаснаас илүү тухтай бөгөөд зам ч амархан хорогдоод байх шиг санагддаг гэж сингапурчууд хэлдэг.
Явган зам дээгүүрх сүүдрэвч нь олон км үргэлжилдэг тул хүмүүсийн сэтгэл санаанд тайвшрал өгөх үүднээс ногоон, эс бол саарал өнгийг сонгодог.
БАЙГАЛИЙН СҮҮДРЭВЧ
Сингапурт жилийн турш агаарын хэм өдөртөө дунджаар 31-33 байдаг. Чийглэг, халуун ийм улсад амьдарч буй хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл бол яах аргагүй сүүдэр.
Хүмүүс угтаа бол хөнгөн цагаан дээвэр бус амьд байгалийн сүүдрэвч буюу модны навчийг илүүд үздэг. Гэвч мод үргэлж хариулт болж чаддаггүй. Яагаад гэвэл мод нь чийглэгийн түвшинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж.
Лос-Анжелес хотод мод, бут нь гудамжны тохижилтын хамгийн сүүлийн хэсэг болдог. Америкчуудыг эхлээд зам, хонгил, хашлага, суваг зэрэг дэд бүтцээ шийдсэний дараа хамгийн сүүлд явган замын хаа нэгтээ санамсаргүй мэт байдлаар мод "чихдэг" гэж шүүмжилдэг. Харин Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю энэ алдааг давтахгүйн тулд хот төлөвлөлтөө эхнээс нь бодлоготой хийхийг тушааж байв.
Санхүүжилтийг нь хангалттай өгч, зохицуулалт сайн хийсэн учир Сингапурт зам талбайд тарьсан мод, бут нь илүү цэгцтэй байдаг. Компаниуд барьсан барилгаа ашиглалтад оруулах зөвшөөрөл авахын тулд заавал тарьсан модоо үзүүлдэг байв. Үүний үр дүнд өдгөө Сингапурын хаа сайгүй, баячуудын хороолол, ядуусын гудамж байна уу хамаагүй, мод, бут байдаг.
Лигийн ухаалаг төлөвлөлтийн ачаар Сингапур нэгэн жигд "ногоон" болж чаджээ. Эрх баригчдын мэдээлж буйгаар, Сингапурын модны тоо ширхэг 1974 онд 158,600 байсан бол 2014 онд 1.4 сая болж өссөн байна. Өнөөдөр Сингапур анх байгуулагдсан үеэсээ хамаагүй ихээр өргөжин тэлсэн ч гэлээ ногоон хэвээрээ. Хот томрох тусам байгалийн орон зай бага үлддэг гэдэг хэвшмэл ойлголтыг тэд эвдэж байна.
Сингапурт жилийн турш ордог хур тунадасны хэмжээ нь хоёр метр хүрнэ. Энэ нь мод бут тарих хангалттай ус, чийгийг өгдөг. Гэхдээ байгалийн давуу тал байлаа гээд улс төрийн зохицуулалт байгаагүй бол эдгээр мод ургах зай талбай гарахгүй байсан гэж үздэг.
toimmedee.mn