Нобелийн шагнал: Хэний ч мэдэхгүй 7 баримт

Нобелийн шагналын долоо хоног эхэллээ. Эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг зэрэг салбар болгоны шилдгүүдэд олгох энэ шагналын талаар хүн бүрийн мэдээд байдаггүй долоон баримтыг хүргэж байна.


1. Нобелийн шагнал ба Кюригийн гэр бүл

Мария Кюри нь хоёр өөр байгалийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хүн юм. Тэрээр 1903 онд физик, 1911 онд химийн салбарт шагнал хүртсэн бөгөөд анхны Нобелийн шагналаа нөхөр Пьер Кюритэйгээ хамт хүртсэн юм. Мария Кюри нь цацраг идэвхт бодисын судалгаа, шинэ химийн элементүүдийг нээсэн гавьяагаараа энэ шагналуудыг хүртсэн билээ. Түүний охин Ирен Жолио-Кюри нь гэр бүлийн уламжлалыг үргэлжлүүлэн, 1935 онд нөхөр Фредерик Кюритэйгээ хамт хиймэл цацраг идэвхт изотопыг лабораторид гарган авах аргыг нээсэн судалгаагаараа химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн. Кюригийн гэр бүл хоёр үеэрээ шинжлэх ухааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Нобелийн шагналт гэр бүлүүдийн нэг болсон. Нийтдээ Кюригийн гэр бүл таван Нобелийн шагнал хүртсэн.

2. Үнэтэй амлалт: Милева Марик & Альберт Эйнштейн

Альберт Эйнштейн Нобелийн шагнал аваагүй байхдаа хуучин эхнэр Милева Марикт ирээдүйд шагнал авах юм бол дагалдан ирэх бүх мөнгийг нь өгнө гэж 1919 онд гэр бүл цуцлуулахдаа амласан байдаг. Дараа нь 1921 онд Эйнштейн Нобелийн шагнал хүртэхдээ амласан ёсоороо мөнгөө шилжүүлжээ.

3. Эйнштейний парадокс

Эйнштейний харьцангуйн онолыг таамаг, онолын шинжтэй мэт санагдсан тул Нобелийн шагнал олгохоос татгалзсан байдаг. Тухайн үеийн Нобелийн шагналын хороо туршилтаар нотлогдсон зүйлд л шагнал олгохыг илүүд үздэг байж. Гэсэн хэдий ч Эйнштейн 1921 онд хэмжиж, баталгаажуулж болох фотоэлектрик эффектийн онолыг баталснаар Нобелийн шагнал авсан юм. Шагнал гардуулах ёслолын үеэр ч Нобелийн шагналын хороо түүний харьцангуйн онолыг дурдахаас зайлсхийсэн. Хороо тус онолыг үгүйсгэсэн хэвээр байв. Гэсэн хэдий ч өдгөө Эйнштейний харьцангуй онол нь байгалийн шинжлэх ухааны тулгуур хэвээр байна.

4. Математик ба Альфред Нобелийн атаархлын тухай домог

Альфред Нобель математикийн шагнал бий болгоогүй шалтгаан нь түүний эхнэр нэгэн математикчтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсантай холбоотой гэлцдэг. Гэвч энэ түүх худал юм. Нобель хэзээ ч гэрлэж байгаагүй. Үнэндээ Нобель математикийн ухааныг “хүн төрөлхтөнд шууд хэрэгтэй” салбар гэж үзээгүй байж болох юм. Анхны Нобелийн шагналуудыг 1901 онд гардуулсан бөгөөд өнөөг хүртэл яагаад математикийн болон сүүлийн үед компьютерын шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал байдаггүй вэ хэмээн хүмүүс гайхсаар байдаг.

5. Эрчүүдийн шагнал: Үл тоомсорлогдсон эмэгтэй судлаачид

Лизе Мейтнер цөмийн хуваагдлыг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ч Нобелийн шагнал химич Отто Ханд олгогдсон юм. Мейтнер энэ шагналд нийт 48 удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа авч чадаагүй. Жоселин Белл Бёрнелл мөн адил замналыг туулсан. Тэрээр нейтрон одны нэг төрөл болох пульсарыг нээсэн. Гэвч Нобелийн шагнал түүний судалгааны удирдагч Энтони Хьюишид олгогдсон. Белл Бёрнелл физикийн салбарт чухал хувь нэмэр оруулсныг олон улсад хүлээн зөвшөөрдөг ч Нобелийн хороо түүнд анхаарал хандуулсангүй. Белл Бёрнелл ба Мейтнерийн түүх нь шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдэд тулгарч буй бүтцийн тэгш бус байдлын тод жишээ гэж тооцогддог.

6. Медалийн төлөөх сая сая доллар: Шагналын дуудлага худалдаа

Нобелийн шагналын медаль нь шинжлэх ухааны хүрээнээс ч давсан онцгой үнэ цэнтэй зүйл юм. Фрэнсис Крикийн Нобелийн шагналыг түүний өв залгамжлагчид 2013 онд нас барсных нь дараа татварын өрөө дарахын тулд дуудлага худалдаанд оруулсан. Крикийн шагнал 2 сая гаруй ам.доллар хүрчээ. Крик 1962 онд Жеймс Уотсон болон Морис Уилкинстэй хамтран ДНХ-ийн бүтцийг нээснээр энэхүү шагналыг хүртсэн юм. Үүнээс гадна Крикд шагнал олгосон явдал нь мөн л үл тоомсорлогдсон эмэгтэй судлаачийн нэг жишээ билээ. Тухайлбал,  Розалинд Франклин уг судалгаанд ДНХ-ийн хоёр мушгиа бүтцийг тайлахад чухал хувь нэмэр оруулсан ч 1958 онд ердөө 37 настайдаа өндгөвчний хорт хавдраар нас барсан. Түүний эрэгтэй хамтрагчид, ялангуяа Уилкинс түүнтэй харилцаа муутай байсан бөгөөд 1962 онд шагнал хүртэхдээ Франклины гавьяаг дурдаагүй.

2014 онд Уотсон өөрийн Нобелийн медалийг мөн адил дуудлага худалдаанд оруулж, ойролцоогоор 4.8 сая ам.доллароор зарсан байна. Түүний шинэ эзэмшигч хожим уг шагналыг Уотсонд буцаан өгчээ.

7. Тийм ч “нобель” биш шинжлэх ухаан

Нобелийн шагнал хүртэл болсон нээлт нь хожим буруу гэдэг нь тогтоогдсон ч хэзээ ч шагналыг нь буцааж авч байгаагүй. Жишээлбэл, Дани улсын эмч Йоханнес Фибигер 1926 онд өтнүүд хорт хавдар үүсгэдэг гэх нээлтээрээ анагаах ухааны Нобелийн шагнал хүртэж байжээ. Гэсэн хэдий ч хожмын судалгаа үүнийг буруу гэдгийг баталсан. Антонио Эгас Мониз сэтгэцийн өвчнийг эмчлэх зорилгоор тархины урд хэсгийн мэдрэлийг тасалдаг лоботоми хэмээх процедурыг боловсруулсныхаа төлөө 1949 онд анагаах ухааны шагнал хүртсэн. Харин лоботоми нь хожим үр дүнгүй, бүр хор хөнөөлтэй гэж үзэгдэх болсон.

Сүүлийн жилүүдэд ч Нобелийн шагналтнуудын зарим судалгааны өгүүлэл буцаагдсан байдаг. Жишээлбэл, 2019 онд анагаах ухааны шагнал хүртсэн Грегг Семензагийн судалгаануудыг эргүүлэн татсан ч шагналыг нь хэвээр үлдээсэн. Зарим шагналтнууд шагнал хүртсэнийхээ дараа эргэлзээтэй, бүр этгээд онолыг гаргаж байсан. Лайнус Полинг 1954 онд хими, 1962 онд энх тайвны шагнал авсан бөгөөд насан туршдаа витамин C-ийн өндөр тун бүх өвчнийг эмчилнэ гэж үндэслэлгүй онол сурталчилсан. 1993 онд химийн шагнал хүртсэн Кэри Маллис ДОХ-ын талаар хуйвалдааны онол дэвшүүлж, нисдэг тавагт итгэдэг гэж мэдэгдэж байв. Харин 1956 онд Физикийн шагнал хүртсэн Уильям Шокли арьс өнгөөр ялгаварлах, эвгеник үзэл санаагаараа олны анхаарлыг татсан юм.

ЭХ СУРВАЛЖ: DW

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.