Улсын эмнэлгүүд халдварт өвчнүүдийн вирус тээгч, халдварлуулагч байсан бол одоо ДОХ тараагч болчихов уу

Хамгийн хариуцлагатай байх ёстой эмнэлгүүд тань “тэсрэх бөмбөг” болчихжээ, Т.Мөнхсайхан сайд аа. Эмнэлгийн шар, элэгний В, С вирус, элдэв халдварт өвчний голомт байсан эмнэлгүүд эцэст нь ДОХ тараагч болох дөхлөө. Эмнэлэгт үзүүлээд, “Вирусын гаралтай ханиад хүрчихлээ” гэх энгийн жишээг өдөр тутамтдаа хэлдэг монголчуудын эрүүл явах эрх энд зөрчигдөж байна. Цаашлаад, “Эмнэлгийн шар, элэгний С вирусыг мэс засалд орохдоо авчихлаа. Багажаа ариутгаагүйгээс болоод шүдний халдварт өвчин тусчихлаа” гээд өч төчнөөн эмгэнэлтэй тохиолдол бий. Энэ бүгд чинь бүүр “гайгүй” дээ орох нь. “Чи ч гайгүй ээ, манай тэр бүүр ДОХ-ын халдвар авчихлаа шүү дээ” гээд уйлаад зогсож байх өдөр тун ойрхон байна.

      Цэргийн төв эмнэлгийн бөөрний диализын аппаратад ороод нас барсан иргэн ДОХ-той байсан нь тодорхой болоод байна. Талийгаачийн орсон гемодиализын аппаратаар цус сэлбүүлсэн иргэд, задлан шинжилгээ хийсэн эмч нар ДОХ-ын халдвар авсан эсэхийг шинжилж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ажлын хэсэг гарган, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Харин Цэргийн төв эмнэлгийнхэн “Ажилчдаас авсан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж өөрсдийгөө өмөөрч, хаацайлж байгаа нь тун харамсалтай. Шинжилгээ авах хүртэл нь хэн хариуцлага алдсан бэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Угтаа Монгол Улсд 300 гаруй ДОХ-ын халдвар тээгч бий. Үүний цаана дам, дан хавьтагч үүнтэй адил тоотой, үүнээс ч олон хүн бий гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа. Тэр хүмүүс эмнэлэгт очоод энэ мэт бөөрний аппарат, хүчилтөрөгч, мэс засал хийлгэвэл мэдэхгүй байх хэрэг үү. Цусны шинжилгээ, судалгаагаа, өөрөөр хэлбэл ажлаа хариуцлагатай хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй зарим иргэн, эмч хоёрын алдаа монголчуудыг халдвар өвчний голомт болгож болзошгүй аюул хаалга тогшлоо.

         Монгол Улсад 1992 оноос хойш ДОХ-ын халдвартай 60 гаруй хүн нас бараад байна. Энэ хүмүүсээс шинжилгээ авч, эмнэлэгт хэвтэх, тусгаарлах өрөөнд байхад нь шаардлагатай арга хэмжээ авсан уу. Хамгийн гол нь ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдсэн үү гэх асуулт ч эндээс урган гарч ирж байгаа юм. Халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй дээрх шиг аппаратаа холиод, задлан шинжилгээ хийчихсэн юм биш биз... Тэгвэл хэчнээн халдвар тээгч эмнэлгээс “төрсөн” байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ингэж бодох төдийд л аймшигтай санагдах нь мэдээжийн хэрэг юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах зайлшгүй хэрэгтэй боллоо.

          Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан эрэгтэйг эмнэлгийнхэн ДОХ-той гэдгийг нь мэдээгүй. Учир нь, цусны шинжилгээ авахдаа ДОХ-ын шинжилгээг нь авалгүй үлдээсэн. Угтаа авах ёстой байсан уу гэвэл авах ёстой байсан. Талийгаачийн ар гэрийнхэн ч эмнэлгийнхэнд халдварт өвчний тээгч гэдгийг нь хэлээгүй. Иргэний үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Тэд зөвхөн “Манай хүн эдгэшгүй хүнд өвчтэй” л гэж хэлээд байсан. Эндээс эмч нь ч, эмнэлэг нь ч сонор сэрэмж аваагүй учраас өнөөдөр эмнэлгээрээ ДОХ-ын шинжилгээ өгөөд зогсож байгаа эмгэнэлтэй төрхийг харж байна.

        Улсын эмнэлгүүд халдвар өвчнүүдийн вирус тээгч, халдварлуулагч байсан ирсээр байсан. Эмнэлгийн хонгил, мэс заслын өрөөнөөс халдварт өвчний тээгч болоод үлдсэн олон хүн бий. Тэдний харуусал дуусаж амжаагүй байтал дахин хариуцлагын асуудал яригдаж байна, Т.Мөнхсайхан сайд аа. Эмч, эмнэлгийн байгууллагыг ачаалалттай ажиллаж, ард түмний төлөө өдөр, шөнөгүй тэмцэж байгааг нь мэдэж байна. Гэхдээ хариуцлагын улаан гэрлээ асаах хэрэгтэй болжээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.