"Монголын эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд "Чингис хаан" үндэсний музейд болж байна.
Энэ үеэр танилцуулсан доктор Я.Ганбаатарын "Монголын нууц товчооны түүхэн цаг хугацаа, түүхэн хувь заяа, судлалын түүхийг үечлэх асуудалд" илтгэлийн товч агуулгыг хүргэе.
Илтгэлд "Монголын нууц товчоон хэмээх энэ агуу их бүтээл мэндэлсний найман зууны тэгш ой удахгүй тохиох гэж байна. 800 жил гэдэг бол бүхэл бүтэн эрин үе мөн. Илтгэлд энэ эрин үеийг ангилан үечлэх оролдлого хийлээ. Тэгэхдээ
1. МНТ-ны түүхэн цаг хугацааг нь,
2. МНТ-ны түүхэн хувь заяаг нь,
3. МНТ-ны судлалын түүхийг нь гэсэн үндсэн гурван чиглэлээр ангилан үечлэв.
Түүхэн цаг хугацаа болох энэ 800 жилийг дотор нь:
Нэгдүгээр үе: МНТ-ны эх бичгийн үе буюу Алтан дэвтрийн үе 1228-1370-аад он.
Хоёрдугаар үе: МНТ-ны хятад орчуулгын үе буюу Юань төрийн нууц түүхийн үе 1370-1866 он,
Гуравдугаар үе: МНТ-ны дахин мэндэлсэн үе буюу Монголын нууц товчоон гэгдэх болсон үе 1866-аас хойш өнөөдрийг хүртэл гэж үечлэв.
МНТ-ны хувь заяатай холбоотой онцгой цаг үе, олон үйл явдлыг мөн ангилах боломжтой байна. Энэ урт цаг хугацааны туршид МНТ нь ээдрээтэй, хүнд хэцүү хувь заяаг туулж өнгөрүүлжээ. МНТ-ны түүхэн хувь заяатай холбоотой онцгой цаг үе, онцгой үйл явдлууд гэвэл түүний найман зууны түүхэнд тохиосон таван онцгой, чухал үйл явдлыг дурдах ёстой.
Эдгээр нь:
Ихэнх эрдэмтэд МНТ-г 1866 оноос хойш сая шинжлэх ухааны эргэлтэд орж, олон улс орны эрдэмтэн судлаачид судалж шинжилж ирсэн гэж үздэг. Хэрэг дээрээ түүнээс өмнөх хэдэн зууны туршид Хятадын бичгийн хүмүүс, түүхчид, сударчид МНТ-г судалсаар иржээ. Харин эрдэмтэд МНТ судлалын түүхийг тоймлон авч үзэхдээ ихэвчлэн Монголд болон гадаад улс орнуудад судалсан тухай нь дурдаж, Хятадад судалсан тухай нь бага анхаарч иржээ.
Иймд МНТ-г Хятадад, Монголд, олон улсад судалсан байдлыг нь үндэслэн МНТ судлалын түүхийг дараах маягаар үечиллээ.
Үүнд:
1. Монголын Юань улсын үе буюу 1260-1368 он хүртэлх 100 гаруй жил,
2. Хятадын Мин төрийн үе буюу 1368-1644 он хүртэлх 270 гаруй жил,
3. Манж Чин улсын үе буюу 1644-1911 он хүртэлх мөн 270 гаруй жил,
4. 20 дугаар зууны үе,
5. 21 дүгээр зууны үе.
1866 оноос өмнөх цаг хугацаанд МНТ-ны судалгаа үндсэндээ Хятадад хийгдэж ирсэн тул ийнхүү Хятадын түүхийн ерөнхий үечлэлтэй давхцуулан Юань, Мин, Чин төрийн үеийн МНТ судлал гэж авч үзсэн болно. Харин Манж Чин улсын үеэс хойших судалгааг цаг үеэр буюу зуунаар ангилах нь илүү оновчтой байна. Яагаад гэвэл 20 дугаар зуунд МНТ судлалаар Хятадад төдийгүй олон улс оронд их зүйл хийгдэж, нэр хүндтэй, бие даасан том судлал болон хөгжсөн билээ.
Энэ гурван ангилал үечлэл нь тус тусдаа судлагдахуун мөн бөгөөд тус тусад нь гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Чингэж гэмээнэ, МНТ судлал улам урагшлан, шинэ шатанд гарч хөгжинө өө" гэв.
toimmedee.mn