ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд их хэмжээний авлига удаа дараа өгсөн гэх хэрэгт эгч, дүү хоёрыг шалгаж эхэлжээ
Хоёр долоо хоногийн өмнө АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилсан. Улмаар Л.Бямбасүрэнг ес хоног цагдан хориод сулласан бөгөөд одоогоор гадуур байцааж буй. Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Л.Бямбасүрэнг ЭМДЕГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар дөрвөн жил, Эрүүл мэндийн дэд сайдаар дөрвөн жил, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар дөрвөн жил ажиллаж, даргын суудалд 16 жил дархлагдсан Л.Бямбасүрэн ийнхүү 60 насандаа тэтгэвэрт биш, торны цаана суухдаа тулаад буй нь энэ. 
 
Хэргийнх нь тухайд, Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын даргын эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, улсын болон хувийн эмнэлгийн захирлуудаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авч байсан. Хариуд нь тухайн эмнэлгүүдэд өвчтөнийх нь тооноос давсан нэмэлт санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг нь АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Л.Бямбасүрэн өөрт нь авлига өгсөн эмнэлгүүдэд эмчилсэн өвчтөнийх нь тооноос хэт давсан нэмэлт санхүүжилт өгөх байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн дансыг “улайлгасан” маш ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдоод буй юм.
 
     Тэгвэл ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига өгч байсан улсын болон хувийн эмнэлгүүдийн захирлуудын нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Тодруулбал, “Гэгээн манал” эмнэлгийн захирал Л.Анхтуяа, “Нандин ухаан” эмнэлгийн захирал Л.Ариунтуяа гэх төрсөн эгч, дүү хоёр ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига өгч байсныг илрүүлэн, хамтад нь шалгаж байгаа ажээ. Одоогоор Л.Анхтуяа, Л.Ариунтуяа гэх эгч, дүү хоёрын Л.Бямбасүрэнд өгсөн их хэмжээний авлигаас 100 сая төгрөгийн авлига нь хөдөлшгүй баримтаар нотлогдоод байгаа гэх мэдээлэл байна. 
       АТГ-ын хаалга сахиж буй Л.Бямбасүрэн 2020 оны есдүгээр сарын дундуур ЭМДЕГ-ын даргаар томилогдсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд буюу 2021 оноос эхлэн Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын сангаас Т.Анхтуяа, Т.Ариунтуяа гэх эгч дүү хоёрын дотор, мэдрэл, уламжлалтын “Гэгээн манал”, “Нандин ухаан” эмнэлгүүдэд хэчнээн төгрөгийн санхүүжилт өгч байсныг судалж үзлээ.  
 
      Эгч Т.Анхтуяагийнх нь “Гэгээн манал” эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд 3.6 тэрбум төгрөг, 2022 онд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол 2023 оны эхний есөн сард 913 сая төгрөгийн санхүүжилт авчээ. 2023 оны эцсийн санхүүжилтийн тайлан нь ЭМДЕГ-ын бүртгэлд алга байна. Харин 2024 оны эхний найман сард 606 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. 
 
Харин дүү Т.Ариунтуяагийнх нь “Нандин ухаан” эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд 3.4 тэрбум төгрөг, 2022 онд 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол, 2023 оны эхний есөн сард 692 сая төгрөгийн санхүүжилт авсан. 2023 оны жилийн эцсийн тайлан нь олдсонгүй. Харин 2024 оны эхний найман сарын байдлаар, “Нандин ухаан” эмнэлэг 657 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Нэгтгэж харвал, эгч, дүү хоёрын “Гэгээн манал” болон “Нандин ухаан” эмнэлгүүд нь тус бүр жил тутам 1-3.6 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг Л.Бямбасүрэнгээс буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас авч иржээ. Эгч, дүү хоёрын “Гэгээн манал”, “Нандин ухаан” эмнэлгүүд нь дотор, мэдрэлийн уламжлалт эмнэлгүүд бөгөөд голдуу хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг ажээ. 
 
       Ямартай ч, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнтэй хөтлөлцөөд АТГ-ын хаалга сахиж суугаа эмнэлгүүдийн эздийн нэрс ийнхүү эхнээсээ ил болж байна. Бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. 
 

 

ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА УДАА ДАРАА ӨГСӨН ГЭХ ХЭРЭГТ ЭГЧ, ДҮҮ ХОЁРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.