Зэрлэг адууг Казахстанд нутагшуулах ажил эхэллээ

Дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу гэгдэх "Пржевальскийн адуу"-г  Казахстанд нутагшуулах ажил эхэлжээ. Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга болон хоёр гүү гэсэн долоон зэрлэг адууг Казахстанд авчирсан. "Пржевальскийн адуу" нь 1966 оноос хойш зэрлэг байгальд үзэгдэхээ больж, устсанд тооцогдож байсныг Монгол оронд сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлсэн байна. Үүний адил Казахстанд зэрлэг адуу буюу тахийг 200 жилийн өмнөөс устаж үгүй болсон гэж тооцогдсон тул дахин нутагшуулах ажлыг эхэлжээ.

Прагийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Филип Масек хэлэхдээ "Эдгээр нь дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адуу юм. Мустанг бол гаршуулсан адуу тул тахьнаас өөр. Тахь нь одоо Монголд хамгийн их байдаг. Тахийн тоо толгойг нэмэгдүүлж, онгон байгалийн шинж чанарыг хадгалахыг бид зорьж байна" гэжээ. Казахстанд нутагшуулах гэж буй адуу нь Мюнхен, Прага хотын амьтны хүрээлэнд амьд үлдсэн хоёр бүлгээс гаралтай.

Тахь нь бүс нутгийн биологийн байдлыг нэмэгдүүлэхэд тусална гэж Масек хэлэв.

Тэрбээр “Зэрлэг адуунууд аргалдаа үр тарааж, ургамал ухахдаа усыг хөрсөнд буулгахад тусалдаг. Бас аргалаараа тал хээрийг борддог. Миний хувьд болон орчин үеийн амьтны хүрээлэнгийн бас нэг зорилго бол нэн ховордсон амьтдыг харьяалагддаг зэрлэг байгальд нь буцааж өгөх явдал юм" гэжээ.

Прагийн амьтны хүрээлэн 2011 онд  Монголд тахь нутагшуулах ажилд оролцсон. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжилж, тоо толгой нь тогтворжсон ба одоо Монголд 1500 орчим зэрлэг адуу байгаа гэдгийг Масек онцолжээ. Ирэх таван жилийн хугацаанд Казахстаны төв хэсэгт нийт 40 адуу тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Казахстанд нутагшуулах эхний үе шатанд Казахстаны Засгийн газрын ойн аж ахуй, зэрлэг ан амьтдын хороо, Прага хотын амьтны хүрээлэн, Берлиний Тиерпарк амьтны хүрээлэн, Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, Казахстаны Биологийн олон янз байдлыг хамгаалах нийгэмлэг оролцов.

Эх сурвалж: Guardian

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.