“Гранд мед” эмнэлэгт гурван жилийн өмнө хагалгаанд орсон иргэн Л.Г өнөөдөр эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, шүүхээр асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Гранд мэд” эмнэлэгт мэс заслын эхлэгчээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х-ийн Б гэх эмч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд мед эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эмчлүүлэгч Л.Г-ийн биед цөсний хүүдийг авах дурангийн мэс ажилбар хийсэн. Хагалгаа хийх үедээ элэгний сувгийг гэмтээж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан аж. Хагалгааны дараа нөхцөл байдал хүндэрч, өвчтөний бие шарлаж ногоорон Клиникийн 1 дүгээр эмнэлгийн эмч буюу тухайн үед Гранд мед эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байсан эмч Амгаланг дуудаж хагалгаа хийлгэсэн байна. Энэ хагалгааг хийгээд амжилтгүй болсон учраас дараагийн хагалгааг Солонгос улс руу явуулж хийлгэхээр болсон. Грандмед эмнэлэг хохирогчтой эмнэлгийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийлгээд Солонгос улс руу явуулах асуудал тавигдсан. “Грандмед” эмнэлэг хохирогчийг Солонгос руу явах зардлыг төлсөн байгаа юм. Гэтэл хохирогчийг тухайн эмнэлэгт очиход нь өөр нэртэй эмнэлэг хэлсэн боловч тэр эмнэлгээс нь хүмүүс ирж уулзаагүй. Харин хохирогчийн ар гэрийнхэн хөөцөлдөж байгаад “Аннам” гэх эмнэлгийг олсон. Энэ эмнэлэгт уг хагалгааг аппаратаар хийх хагалгаа байсан. Үүнийг хийгээд хохирогчийн биеийн байдал сайжраагүй учраас хамгийн сүүлд нээлттэйгээр хагалгааг хийсэн нь амжилттай болж биеийн байдал дээрдсэн аж.
Ингээд олон хагалгаа хийлгэсэн бүсгүй цагдаад хандаж Гранд мед эмнэлэгийг эмчийг шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг хянасан Хан-Уул дүүргийн прокурорын газраас эмч Х.Б-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Гранд мед эмнэлэгийн эмч Х.Б-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Гранд мед эмнэлэгээс 23.181.892 төгрөг гаргуулж, Л.Г-д олгосон. Мөн мэс заслын эмч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл үүнийг мэс заслын эмч анхан шатны шийдврийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, уртаас урт тайлбар хийгээд зогсохгүй өнөөдөр өөр эмнэлэг ажиллуулж байгаа аж. Мөн өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байгаагаа тайлбарласан байгаа юм.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хуралд эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, гурван жил эмнэлэг, цагдаа, шүүхийн байгууллагаар явж байгаа Л.Г давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Өнөөдрийг хүртэл миний биеийн байдал дээрдээгүй, эмнэлэгт үзүүлээд шинжилгээ хийлгэж байгаа. Анх “Гранд мед” эмнэлэгт үзүүлсэн ба Х.Б эмч надад “хэзээ нэгэн цагт хагалгаанд орох ёстой” гэж хэлсэн. Нэг ёсондоо би энэ хүний эмч гэдэг үгэнд итгэж хагалгаанд орсон. Эхний хагалгаа хийгдээд эхний 1 дэх хоногт мэдэгдэх зүйл байгаагүй. 2 дахь хоногоос миний бие шарлаж, ногоорч эхэлсэн. Намайг цөсний замын гажигтай байсан гэж хэлсэн. Гэтэл гажигтай гэдгийг баталж чадаагүй. Одоо 1 биш 3 гажигтай байсан гэж хэлж байна. Чанарын албаны ажилтан Хишигсүрэн нь Х.Б-г алдаа гаргасан талаар бичиг хийж өгсөн. Шинжээч нар зөв дүгнэлт гаргасан. Энэ хүн ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Х.Б-н анхны хийсэн алдаанаас болж би олон дахин хагалгаанд орж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирч байна. Эдгээр хүмүүс хохироогүй, Грандмед эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Одоо Х.Б нь хувийн эмнэлэг байгуулаад ажиллаж байгаа. Х.Б хагалгаа хийж чадаагүй тул Амгалан эмчийг дуудаж дахин хагалгаа хийлгэсэн. Сүүлдээ чадахгүй болоод 3, 4 дэх хагалгааг Солонгост хийлгэсэн. Намайг Монгол улсад эмчлүүлэх боломжгүй, Солонгос явах хэрэгтэй гэсний дагуу явсан болохоос биш би дурандаа Солонгос явж хагалгаанд ороогүй. Х.Б эхний хагалгааг хийчихээд алга болсон. 2 хоногийн дараа миний бие шарлаад эхлэхэд “чиний цөс гажигтай байсан” гэж хэлсэн. Дундаас нь элэгтэй холбоотой хэсгийг нь тасалчихсан юм чинь элэг рүү хамаг шар, ногоон шингэн нь орно. Үүнийгээ тайлбарлахгүй, огт өөр биопси гэсэн зүйл яриад байгааг нь ойлгохгүй байна. Үнэхээр энэ хүн алдаа хийсэн бол хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйхад хангалттай байсан. Би шунахайн сэтгэлээр “Г” эмнэлгээс мөнгө нэхэмжлээгүй. Одоо миний элэг өвдөж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв гарсан гэж үзэж байна…” гэсэн байгаа юм.
Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь энэ хэрэг дээр шинжээчийн хоёр дүгнэлт гарсан. Хоёр дүгнэлт өөр гарсан тул дахин нягтлах хэрэгтэй гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл гурван жилийн өмнөх хэргийг шүүх ийнхүү удаашруулж, хохирогчийг хохирсон дээр нь хохироож байна. Харин хохироосон хүн нь өнөөдөр ял авсан ч өршөөлийн хуульд хамрагдаж дахин эмнэлэг байгуулан ажиллаж байгаа нь хэр шударга тогтолцоо юм болдоо?
Dorgio.mn
toimmedee.mn