Энэ амьтныг бөхөн гэдэг. Бөхийж явдаг болохоор нь ингэж нэрлэсэн байх. Их сонин хамартай. Сайн ажвал балар эртний амьтан харж байгаа мэт санагдана. Өөлбөл их "муухай” амьтан. Энэ нь ч аргагүй юм. Судлаачдын хэлж байгаагаар бол бөхөн маш эртний эрмэл амьтан аж. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Дүр төрх нь яг л тэр үед байснаараа. Тиймдээ ч "муухай” харагдаж байгаа байх. Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олон мянган бөхөн ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг.Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ ханхлуулан нутагтаа идээшилж явна.
Монгол бөхөн нутгийнхаа "амьтан найз” нараасаа ялгарах нэг том онцлогтой. Тэр бол дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын уугуул амьтан юм. Монголчууд унаган адуу гэдэг дээ, яг л үүнтэй адил. 250 мянган жилийн өмнө Монголд л амьдарч байсан, одоо ч эндээ л бэлчиж байна. Азтай,бас азгүй амьтан. Тийм олон жил болоход мөхөлгүй төрөлх нутагтаа өдийг хүртэл амьдарсаар ирж бидэнд амьд үзүүлэн болж байгаа азтай. Харин ийм ховор амьтан гэдгээ ойлгуулж чадаагүй азгүй амьтан. Яагаад гэхээр монголчуудын олонхи нь бөхөнгийнхөө үнэ цэнийг мэддэггүй,ийм нэг амьтан явж л байдаг гэж ханддаг. Үнэ цэнэ гэдгийг мөнгөн утгаар нь биш харин маш ховор,нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэдгээр нь онцолж байгаа юм. Монголд олон мянган амьтан бий,харин бөхөн шиг эртний,унаган нутагтаа "насаараа” амьдарч байгаа нь байхгүй.
Монгол бөхөн жил бүр үржилд ордог ч тэр бүр хээлтэх нь үгүй, ер нь үржил муутай амьтан. Монгол бөхөнгийн эрийг хэржин, эмийг нь хэрэгчин, үр төлийг нь янзага гэдэг. 1.5-2.5 настайдаа үржил дордог. Хэрэгчин заримдаа ихэрлэж, эс бөгөөс нэг янзага төрүүлдэг. Турь муутай энэ амьтны хувьд төлцөөтэй байх нь амьдрахын төлөөх хатуу тэмцэлд нь нэмэртэйч, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа бодгалийн хувьд олуулаа байх нь маш чухал гэж судлаачид онцолдог. Ихэнх амьтан зун, намар, хаврын урин дулаан цагт үржилд ордог байхад хүйтэнд тэсвэргүй хөөрхий бөхөн дүн өвлөөр буюу арваннэг, арванхоёрдугаар сард ороогоо тайлна.
Хээлтэй үлдэж чадсан хэрэгчин 5-6 сар үр төлөө хэвлийдээ тээгээд янзагаа төрүүлнэ. Янзага мэндлэх гэж эхийгээ тэгтэл зовоохгүй. Харин эх нь төрүүлэхээсээ илүүтэй төрсний дараахыг "бодож”, тооцоолж зовно. Нялх биетэй эх, янзага хоёрт дайсан мундахгүй. Үнэг, хярс, чононоос эхлээд махчин шувууд хүртэл янзага төрөх мөчийг бөхөнгийн ижил сүрэгтэй хамт хүлээнэ.
Бөхөнгийн сүрэг бүл нэмэх гэж хүлээнэ. Махчид ч ходоодоо баярлуулах гэж отдог. Сүргээрээ манаж, эх нь нуугдаж төрөөд ч нэмэргүй алдчих тохиол байхад сүүдэртэйхэн газар бараадаж төрөөд эсэн мэнд торниулах нь бас бий. Ертөнцийн жам юм даа. Гөрөөсний янзагыг бодвол тамир тэнхээ муутай ч дэлхийд ховордсон бүлийн тоог нэгээр нэмж байгаагаараа нэр төртэй янзага тун удалгүй биеэ даачихна. Хөхөлтийн ая даахгүй мөөмөө бусад сүүн тэжээлтний үр зулзага шиг тэгтэл үлгэж зовоохгүй.
Эх нь ч эрхлүүлж, наалдаад байхгүй. Янзагаа бутны ард, хонхор гүдгэр газарт хэвтүүлж нуугаад бэлчээрт гарна. Гэвч зарим янзага ээжийнхээ үгэнд орж дуулгавартай хэвтэхгүй, дагаж дэнчигнэх нь бий. Ийм тохиолдолд ээж нь тийрэх, эсвэл газар цавчихад нам хэвтэнэ.Янзага мэдээж ээжийнхээараас хэд харайх боловч удалгүй ээжээсээ хоцорно.Тэгээд хоцорсноо мэдэхээрээ нугдайтал хэвтчихнэ.
Дагаж гүйсэн янзагаа эх нь алсханаас хараад зогсоно. Өөрийг нь явсан гэж бодоод хэвтээд өгөхөөр нь тайвширч, идээшилнэ. Үрээсээ зугтан байж ирсэн хэрнээ идэж шалихгүй. Тэр хэрээрээ байгаль, дэлхийд ч хор хөнөөл бага. Таана, хөмүүлхэн зулгааж харагдана. Тэр нь үлдэж хоцорсон янзаганд нь юугаар ч орлуулахгүй шим тэжээл болно. Нам гүмхэн, тайван гэгч нь идээшилж зогссон бөхөнгийн сүрэг дундаас аль нэг нь юу болов гэмээр давхиад явчихвал гайхах хэрэггүй. Бургасны мөчир шиг турь муутай хөлтэйгээ мэдэхгүй хурд мэдэн хатирах нь тэдний зан. Зан гэхээсээ илүү тэд маш үргэмтгий, сонор. Бусдаасаа түрүүлж ямар нэг дуу чимээ сонсвол хатирч өгнө. Хэржин түрүүнд нь л харагдана. Туурайтны багийн амьтан гэсэн шиг таваргаж гарна. Бүр 70-90 км/цаг хурдтай давхидаг ч гэдэг. Гөрөөсийг бодвол царай муутай, бөгтөр ч хөлний шандсаараа бол тэднээс дутаад байхааргүй. Ганц нэгээрээ үргэж цахилсан бөхөнг өмнө нь харж байгаагүй хүн говь талд нарийн тоос яваад байна гэж гайхаж харахаар.
Аюул занал үнэхээртулаагүй лбол янзагааорхисон хэрэгчин тэгтлээзугтахгүй. Хэсэг давхиад эргэнэ. Амьсгаа дарангаа орчноо ажна. Аюул үгүй бол буцаад шогшчихно. Хэн нэг нь үлдэхийг сүрэг андахгүй. Учиргүй зугтаж, үргэж давхиж байсан амьтад эргээд нам жим болно. Янзагаа эргэсэн хэрэгчингээ бараадацгаана. Хань болж байгаа нь тэр. Ахиад ямар нэг чимээгарвал бултаараа буцаадүргэчихнэ.
Урин дулаан цаг бөхөнгийн хувьд аюул ихтэй ч амьдрахад таатай, амар амгалан өдөр хоногууд. Хүйтний улирал бол тэдний ихэнхийг ертөнцөөс авч одох хяслант сар, өдрүүд. Юуны тулд хахир хүйтэн хэчнээн өвлийг шазуур зуун эдүгээг хүрснийг нь хэн ч мэдэхгүй. Ингэж хэлсний учир нь, хөхтөн амьтад дундаас гарал үүслээрээ хамгийн балар эртнийхэд тооцогддог энэ амьтны тоо толгой өвлийн улиралд эрс цөөрдөг байна. Учир нь, бөхөнгийн шилбэ шандастай ч гэлээ хүйтэнд тэсвэргүй. 35 хэмээс дээш хүйтрээд ирвэл бургасны мөчир шиг шилбэнийх нь чөмөг тас хөлдчихдөг байна. Хөдөлж чадахгүй бөөцийгөөд хөлддөг юм гэнэ лээ. Ихэвчлэн нас биед хүрсэн нь амь мэнд үлдэж, тэдний биеийн илч, нөмрийг бараадсан залуус арай гэж онд орно. Өвөл өвлөөс үлдсэн бөхөнгүүд бие биесээ бараадаж сүрэглэнэ. Бөхөнгийн эгэл амьдрал нэг иймэрхүү.
Бөхөн ба хууль бус агнуур
2001 оны зуднаар монгол бөхөн үй олноороо хорогдож 700 орчим болтлоо тоо толгой нь цөөрч байсан. Харин сүүлийн жилүүдэд өсч үржин 11 мянгад хүрээд байсан ч халдварт өвчний улмаас одоотаван мянга хүрэхтэй үгүйтэй болтлоо хорогдоод байгаа юм. Энэ бол Монгол Улс бөхөнтэй гэж сэтгэл тайван хэлэх тоо биш. Нэг өвөл бүгдээрээ "яваад өгчихөж” мэдэх эрсдэлтэй, маш эмзэг амьтан билээ.
Монгол бөхөнгийн зовлон үүгээр дуусахгүй. Хулгайн анчид агнах гэж зовооно. Ижил сүргээ цусанд будагдсан байхыг харах энүүхэнд. Монгол Улс амьтны эд эрхтэн ашигладаг дорнын анагаах ухаан хүчтэй хөгжсөн Хятад улстай хөрш оршдог.Тэнд эрэлт байнга нэмэгдэж байдаг, тэр хэрээр Монголын маань ховор амьтад "цаазлуулж” байдгийн нэг нь монгол бөхөн.
Ер нь бөхөнг яах гэж агнаад байдаг юм вэ. Мах нь час хийсэн амттай, арьс нь зөөлөн юм болов уу гэтэл тийм биш юм байна. Монголчууд бөхөнгийн махыг иддэггүй, арьсыг нь ашигладаггүй. Зөвхөн эврийг нь авах зорилгоор агнаж байна. Эр бөхөн хос шорон эвэртэй бол эм нь эвэргүй. Тэгэхээр хулгайн анчид эрийг нь онилдог болж таарах нь. Эврийг дорно дахины анагаах ухаанд эмийн зорилгоор хэрэглэдэг гэсэн. Монголчууд өөрсдөө энэ зорилгоор бараг хэрэглэдэггүй,хятадуудад бэлдэж өгдөг талаар албаны эх сурвалжууд хэлдэг.
Нэгэнтурдхөршидэрэлтбайгааюмчиньховорамьтныэдэрхтэнийнаймаа,хуульбусагнуургарах эрсдэл хэвээрээ л байна гэсэн үг. Хэрэг гарлаа, гэмт этгээдийг баривчиллаа, шийтгүүллээ. Ийм замаар яваад байвал ховор амьтад маань, ялангуяа монгол бөхөн маань улам л ховордоно. Хэн нэгнийг барьж хорилоо гээд хөнөөгдсөн амьтан босоод ирэхгүй. Тэгэхээр бидэнд бодох зүйл их байна гэж ойлгоход гэмгүй.
Ер нь зэрлэг амьтан, байгалиа заавалхамгаалах ёстой гэдгийг хүн бүр л сонсдог, ойлгох гэж хичээдэг байх. Энэ ажлыг манай төр засаг, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд, иргэд чадлаараа хийдэг. Чамлахааргүй үр дүн гарч байгаа нь ч бий. Гэсэн ч дийлэнхдээ байгаль орчны эсрэг гэмт хэргүүд гарсан хэвээр, хүн зэрлэг амьтны зөрчил олигтой буурахгүй л байна. Яагаад энэ байдал өөрчлөгдөхгүй байна вэ?
Бүгд л үүний учрыг их дээрээс хайдаг. Гэтэл тайлбар, шийдэл нь энгийн. Бид энэ байгаль, зэрлэг амьтнаа яах гэж хамгаалаад байгааг ойлгодоггүй нь гол зангилаа. Энэ тарвага, зурам,чоно, ой мод, гол горхи бидний л баялаг, бид л эзэн нь гэдгээ ойлгочихвол асуудлын зангилаа тайлагдана. Хэн ч гэр орондоо хүниймсэг ханддаггүй. Гэтэл Монголд заримдаа үүний эсрэг дүр зургийг харж болдог. Монголчууд гадныхныг бодвол хувийн өмчинд их дуртай. Тодорхой хэлбэл, өмчлөх сонирхолтой. Минийх л гээд ойлгочихвол элгэндээ тэврээд хэвтчихнэ. Минийх биш гээд л бодчихвол эргэн тойронд болж байгаа юуг ч тоодоггүй нь даанч харамсалтай.
Ялангуяа энэ байдал зарим малчнаас тод харагддаг. Тэд үнэгүй бэлчээр ашиглаж хувийн малаа өсгөж байгаа мөртлөө маргаашийн талаар бодохыг хүсдэггүй. Тодруулбал, бэлчээр нутгаа хайрлах, гамнах, зохистой ашиглах талаар юу ч хийдэггүй. Өвсний гарц муудвал орхиж нүүгээд өөр газарт оччихно. Ингээд зогсохгүй, зэрлэг амьтдаас бэлчээр өвс харамлаж булаалдана. Бас бөхөнг бэлчээр талхалдаг гэж буруутгана. Эдүгээ бөхөнгийн байршил нутагт мал хэдэн зуун мянгаараа бий. Гэтэл бөхөн таван мянгаас хэтрэхгүй. Ердөө л таван мянгат малчны малын тоотой тэнцэх цөөхөн. Ийм байхад бөхөн бэлчээр талхалдаг гэдэг яриа өөрөө утгагүй болж байна. Хөөрхий бөхөн ямар хүний хэлээр” би тэгдэггүй” гэж хэлэх биш дээ.Уг нь малынхаа тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж өсгөвөл бүгдэд л хэрэгтэй баймаар. Бэлчээртэй байвал мал ч таргална, малчны ашиг орлого ч нэмэгдэнэ, зэрлэг амьтад ч тааваараа бэлчих боломжтой билээ.
Б.Энхмарт
toimmedee.mn