Д.НЯМХҮҮ: КОРОНАВИУРСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЖ, ОНОШЛОХОД ЦАГ ХОЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

"Сетунари" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусийн халдварыг богино хугацаанд оношлож, илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг өнөөдөр ХӨСҮТ-д хандивлалаа. 

Дэлхийд шинэ технологи, баталгаатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Швейцарын ROCHE компани өнгөрсөн тавдугаар сард короновирусийн халдварыг богино хугацаанд оношлох боломжтой Elecsys Anti-SARS-COV-2 оношлуурыг үйлдвэрлэжээ. Тус компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч болох Сетунари ХХК дээрх оношлуурыг тусгайлан захиалж, ийнхүү ХӨСҮТ-ийн лабораторид эхний 400 хүний шинжилгээний урвалжийг хандивласан юм.

 

Тус оношлуур нь манай улсын хувийн болон улсын эмнэлгүүдийн лабораторид түгээмэл хэрэглэгддэг Roche компанийн Cobas Е411 бүрэн автомат тоног төхөөрөмжийн тусламжтай 9-18 минутад маш богино хугацаанд илрүүлдгээрээ онцлогтой. Мөн үүнээс гадна гар ажиллагаа шаардахгүйгээр шууд ашиглах боломжтой учир шинжилгээ хийж буй эмнэлгийн ажилчдыг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой  гэдгийг Сетунари ХХК-ийн Маркетингийн албаны дарга Д.Мөнгөнтуяа онцоллоо. 

Оношлуурыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүлээн авсан юм. Энэ үеэр тэрбээр "Дэлхийд адартай Roche компанийн Е411 гэсэн бүрэн автомат оношлуурыг бид 2012 оноос хойш хэрэглэж байна. Сетунари ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХӨСҮТ-ийн лабораторид оношлуур хандивлаж байгааг манай лабораторийн эмч мэргэжилтнүүд маш их талархалтай байна. Энэхүү Elecsys Anti-SARS-COV-2 шинэ оношлуур нь короновирусийн халдварын вирусийн эсрэг биетийг богино хугацаанд эрт илрүүлэх 100 хувь мэдрэг чанартай, хүний бусад төрлийн коронавирустэй харилцан үйлчлэлд ордоггүй тул хуурамч эерэг хариу гардаггүй баталгаатай байдлаараа PCR-аас бусад оношлогооны аргуудаас давуу талтай. Коронавирусийн халдварыг 20 минутад шууд илрүүлж, оношлох боломжтой боллоо. Энэ нь цаг хугацаа хожих боломж олгосон Сетунари компанийнханд баярласнаа илэрхийлмээр байна. Elecsys Anti-SARS-COV-2 нь эмгэг төрүүлэгчийн эсрэг дархлаа үүссэн эсвэл үгүй болохыг тодорхойлдог шинжилгээ бөгөөд хүн амын дундах вирусийн өртөлтийг илрүүлэх, тархалтыг үнэлэхэд ч мөн ихээхэн шаардлагатай оношлуур болоод байгаа юм" гэлээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д PCR оношлуурыг хэрэглэж байгаа юм. Харин Roche компанийн оношлуур нь бүрэн автомат учир хүний гар оролцоо шаардахгүй мөн маш богино хугацаанд илрүүлдэг, найдвартай, мэдрэг чадвар өндөр аппарат гэдгээрээ онцлогтой гэдгийг дурдсан юм. Түүнчлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Сетунари компанийн төлөөлөлд талархлын бичиг гардуулан өглөө.  

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.