Өрийг өрөөр

2011 онд Австралид гамшиг болж, нүүрсний уурхайнууд нь усанд автав. Хятадын коксжих нүүрсний 40 хувийг атгадаг австраличууд байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж, уурхайнууд нь ээлж дараагаар хаагджээ.

Өмнө зүг рүү хараад “хөшчихсөн” өмнөд хөршүүд маань аргагүйн эрхэнд бидэн рүү эргэж харлаа. 1995 онд дөнгөж нэг мянган тонн нүүрс гаргаж 10.000 долларын борлуулалт хийдэг байсан монголчууд 2011 онд 21 сая тонн нүүрс борлуулж хоёр тэрбум 262 сая доллар олж цөм хийв. Их мөнгөний бараа харсан манай удирдагчид тэр даруй төсвийн зардлаа хоёр дахин нэмж тэнэгээ гайхуулав. Ирсэн гийчин буцаж, орсон бороо арилдаг жамаар үер татарч Австралийн уурхайнууд эргэн нээгдэхийг тооцох сөхөөтэй хүн битгий хэл нохой ч гарсангүй.

 Энэхэн зуур их юм болж өнгөрлөө. Ерөнхий сайд Сү.Батболд дээлэндээ багтахгүй хөөрцөглөж эдийн засаг 17 хувиар өслөө, Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхуулж байна гэхчилэн популист лоозонг улиг болтол хашгирав. Энэ үзэгдэх “агшин”-д өмнө нь 500-800 саяар барьчихдаг байсан сургууль, цэцэрлэг 2-3 тэрбумаас наашгүй болж, хаа сайгүй тендер зарлагдаж, энд тэндгүй баахан нүх ухаж суурь цутгацгаав. Тэр болгонд мань Ерөнхий сайд очиж тууз хайчиллаа. Гэвч болдог юм болдгоороо болж нүүрсний үнэ эргээд шалдаа буув. Төсвийн тэнцэл 2011 онд 756 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч 2012 он гэхэд нэг их наяд 130 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр тооцоо гарчээ.

Сонгуулийн босгон дээр баахан “бүлтэрчихсэн” учраас “Сү” буланд шахагдав. Дээр нь тендерийг задгай мөнгө шиг тараачихсан тул улс эхний санхүүжилтээ ч өгч дийлэхээ больжээ. Ингээд сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр экс коммунистууд маань мөнгөний эрэлд гарчээ.  Хамгийн түрүүнд мөнгөний амтанд оруулсан “Чалько”-гоос бадар барив. Цаадуул нь “Жилийн 10.4 хувийн хүүтэй 350 сая долларыг нүүрсээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр өгье. Гэхдээ өрөндөө авах нүүрснийхээ үнийг бид өөрсдөө тогтооно шүү” гэжээ.

Нэгэнт буланд шахагаж гарах гарцгүй болсон Сү.Батболд нөхцөлийг нь үг дуугүй зөвшөөрөв. Ингээд үндсэн зээл дээрээ нэмээд сар болгон сая долларын хүү төлөх нөхцөлтэй байж болох хамгийн муу гэрээг үзэглэв. Намар нь нэмж 20 сая долларын өр тавьжээ. Он гараад буюу 2012 оны гуравдугаар сард  580 сая долларын, 5.75 хувийн хүүтэй “Евро” бонд гаргав.

Нүүрс алт болж байх үед сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс Норвегийн жишээгээр “Баялгийн сан” байгуулж, илүү гарсан мөнгөө нөөцөлье, улс орныхоо бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлье гээд дийлээгүй юм. Түүнийхээ горыг амсч МАН-ынхан хаа явсан газраа алгаа тосч явдаг болов. 

Тэр их мөнгөөр нэг километр ч зам тавьсангүй, нэг ч үйлдвэр барьсангүй. Дийлэнхи хэсгээр нь төсвийн цоорхойгоо нөхөж, шавхрууг нь “Хишиг” хэмээн егөөдөн нэрлэж иргэдэд тараагаад дуусчээ.

/Сү.Батболдын тавьсан “Евро” бондын өрийг дөнгөж 2017 оны гуравдугаар сард МАН-ын өөр нэгэн Ерөнхий  сайд болох Ж.Эрдэнэбат “Хуралдай” бонд гаргаж нийт 600 сая ам.долларыг 8,75 хувийн хүүтэй долоон жилийн хугацаатай хойшлуулсан бөгөөд 2024 онд төлөхөөр байгаа юм/

/Сү.Батболдын Засгийн газрын “Чалько”-гаас зээлсэн 350 сая ам долларыг зургаан жилийн турш төлж барагдуулсан юм/

 

2012 оны эхний улирал гэхэд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр навс унаж, Монгол Улс төсвийн алдагдлаа нөхөж дийлэхгүй боллоо. Тиймээс Ардчилсан нам “Чингис”, “Самурай” бонд гаргаж, 2.1 тэрбум доллараар орон даяар бүтээн байгуулалт өрнүүлэв. Энэ хугацаанд сүүлийн 90 жилийн түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт өрнөсөн юм. Нийтдээ 3000 гаруй километр зам тавьсан нь 1921 оноос 1990 оныг хүртэл тавьсан нийт автозамаас ч урт болж байв. Мөн 70 гаруй мянгөн өрх айлыг орон сууцжуулж чадсан нь XX, XXI зууны хотжилтын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт байв. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, барилгын үндсэн материал болох цементээ дотоодоосоо хангадаг болсон гээд тоочоод байвал олон сайн хөтөлбөр хэрэгжүүлжээ. 

Гэвч 2016 онд төрийн эрх дахин МАН-д ирлээ. Тэд Ардчилсан намын жишээн дээрээс Монгол Улсынхаа баялгийг барьцаалж, гадаад зах зээл дээр бонд босгож мөнгө олж болох юм байна гэдгийг ойлгосон ч түүгээр юу хийж бүтээж болдгийг ухаарсангүй. Магадгүй хүсээгүй биз. “Чингис” бондын 500 сая долларын зээлийг төллөө” хэмээн шоудахдаа 800 сая долларын “Гэрэгэ” бонд гаргаж, 300 сая долларын зөрүү гаргав. Энэ 300 сая доллар элсэнд асгасан ус мэт алга болов. Үүгээр зогсохгүй 2016-2018 онд нийтдээ 3.5 тэрбум долларын өр тавьсан ч түүгээр юу хийсэн нь одоо ч тодорхойгүй хэвээр байна. Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг хийсэн ажлынхаа тайланг гаргаж өгөхийг шаардсан ч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй л байна.

Тэрчлэн 2012-2016 онд ипотезийн найман хувийн зээлээр орон сууцанд орсон иргэдийн зээлийн эргэн төлөлт болох 3.5 их наяд төгрөг ч хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж “Найман хувийн зээл” үндсэндээ зогслоо. Ингээд бодоод үзэхээр 1990 оноос хойш МАН 20 жил дангаар, найман жил нь Ардчилсан намтай хамтарч төр барихдаа нийт 25.8 тэрбум орчим долларын өр тавьсан байх юм. Харин Ардчилсан нам 2012-2016 онд хагас эрхтэй засаглахдаа “Чингис” бондын 1.5, “Самурай” бондын 600 сая долларын л өр тавьжээ. Энэ нь өр гэхээсээ ирээдүйдээ оруулсан хөрөнгө оруулалт болсоныг өдгөө харж болно. Харин МАН ээн их өр тавьж олсон мөнгөөрөө юу хийсэн талаараа өнөөдрийг хүртэл “А” ч гэсэнгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өр дарлаа” гэж шоудсаар байгаа ч бодит байдал дээр Монгол Улсын нийт гадаад өр болох 27.9 тэрбум доллараас өнөөдрийн байдлаар нэг ч доллар хасагдсангүй. Тэгэхээр ямар мөнгөөр хэний өрийг дараад байна вэ гэдэг асуудал босч ирж байна. Нөгөө талаас өрийг өрөөр дарж, улам их өрөнд оруулаад байгаа асуудлыг УИХ, Засгийн газрын хариуцлагын түвшинд авч үзэхгүй бол Монгол Улс нэг л өдөр төлбөрийн чадваргүй болж дефолт зарлах вий дээ. Учир нь, өнөөдрийн эрх баригчид 2016 онд засгийн эрхэнд гарахад Өрийн тааз 54 хувьтай байсан бол өдгөө 115 хувьд хүрч, нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээ 23 сая төгрөг буюу нийт 27.9 тэрбум долларын өртэй байна.

 

Эх сурвалж Ардчилал таймс сонин

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.